"Хотгуужин нугас" энэ хачин нэр хаанаас ирсэн бэ?
2019-05-08
Хотгуужин нугас (Histrionicus histrionicus) далайд өвөлждөг жижигхэн нугас юм. Өөр төрлийн нугасаас ялгахын тулд 2007 оноос хойш Монгол шувуу судлаачид "хотгуужин нугас"-ыг "хотгуужин чөрх" хэмээн тусад нь нэр өгч өөрчилсөн. Гэвч нугасны нэрийг ийнхүү нарийн ангилж ард түмэнд танил биш чөрх хэмээх нэрийг хэрэглэх хэрэггүй хэмээн үзэж, зөвхөн "нугас" гэдэг уламжлалт нэрийг эндээ хэрэглэх нь тохиромжтой гэж бодож байна.
Хотгуужин нугасны эрэгчин нь үржлийн улиралд маш их гоёмсог өнгө зүстэй болдог. Толгой болон хүзүү нь хар хөх өнгөтэй болж, нүдний урд талд нь том хавирган сар хэлбэртэй, нүдний ард жижиг дугуй цагаан толботой, хүзүүг нь тойрсон хар эмжээртэй цагаантай. Толгойн хэсэгтээ хар, цагаан, улбар шар өнгөтэй. Хүзүү цээжийг нь заагласан хар эмжээртэй цагаантай, цээж хэвлий хоёрыг нь заагласан хар цагаантай. Бие нь ерөнхийдөө саарал боловч, хавирга тушаа улбар шар өнгөтэй. Эмэгчин нь бараг цулгүй бордуу өнгөтэй, зөвхөн толгойн дээрээ хэдэн цагаан толботой байдаг.
Энэхүү нугас нь хойд Атлантын далайн Исланд, Гринланд, Канад, АНУ, хойд Номхон далайн Аляска, Канад, Орос, Солонгос, Японы хадтай эрэгт өвөлжөөд, догшин давалгаатай далайд шумбаж, чулуу болон уснаас нялцгай биетэн, хавч, жижиг загас гэх мэтийн амьтдыг олж иддэг. Хавар хотгуужин нугас далай тэнгисээс холдож Исланд, Гринланд, Канад, АНУ, Аляска, Орос, Хятад, Японы уулын шируун урсгалт голын хажууд үүрээ засаад өндөглөдөг. Тэр үед хотгуужин нугас хурдан урсгалыг сөрж түүний ёроолоор алхан шумуулын авгалдайг олж иддэг.
Ази тивд хотгуужин нугас оросын зүүн хэсэг, Хятад зүүн хойд хэсэгт үрждэг. Хотгуужин нугас бас Монгол улсад ганцхан удаа, 1962 онд Баянхонгор аймгийн Богд суманд орших Орог нууранд бүртгэгдсэн. (хавсралт)
Нэгэнт л бүртгэгдсэн болохоор монгол нэр байх нь зүй ёсны хэрэг. Анхны монгол шувууны нэр томъёо, 1969 онд хэвлэгдэн гарсан «Улсын Нэр Томъёны Комиссын Мэдээ (No. 78-79-80): шувууны нэр томъёо»-нд "хотгуужин нугас" буюу "хотогуужин нугас" гэдэг нэрээр бүртгэгдсэн. Тэр номыг эмхэтгэгчид олон хуучин материалаас шувууны нэрсийг түүж авахаас гадна, бэлэн нэр байхгүй тохиолдолд өөрсдөө шинэ нэр оноож байсан гэнэ билээ.
"Хотгуужин" хэмээх энэ нэр одоогийн монгол хэлний шувууны нэр томъёонд байдаг бөгөөд сүүлийн үеийн жирийн толь бичигт ч тэмдэглэгддэг болсон.
Тийм болохоор, "хотгуужин" хэмээн энэ нэр ямар утгатай юм бэ? Энэ асуудлыг бодохоосоо өмнө, өөр хэлэнд хэрэглэгддэг нэрийг харъя.
Орос хэлний нэр "Каменушка" бөгөөд энэ нь "камен" буюу чулуу гэдэг үгтэй холбоотой. Хотгуужин нугас хадтай эрэгт амьдардаг онцлогоос болж ийнхүү нэрлэгдсэн бололтой. Швед хэлний "Strömand" буюу "түргэн урсгалын нугас" гэж нэрлэгдсэн нь хойд Европын хэд хэдэн улсын ширүүн урсгалтай голын шувуу хэмээх нэртэй ижил байна. "Хүзүүвчит нугас" (Герман хэл), "хээтэй нугас" (Польш хэл), "чимэглэх нугас" (Литва хэл), "алаг нугас" (Чех хэл), "цагаан зурвастай нугас" (Солонгсо хэл) гэх мэтээр нугасны гадаад төрхийг илэрхийлдэг нэр ч байна.
Хотгуужин нугасны англи нэр "Harlequin Duck" юм. "Harlequin" (Арлекин) бол 16-р зуунд Италиас үүсээд, 16, 17, 18-р зуунд Европын улсуудад түгээмэл болсон Комедия дель арте (Commedia dell'arte) гэдэг театрын хэлбэрийн нэг зүйлийн алиалагчийн дүр. Комедия дель арте бол биеэ тоосон эрдэмтэн, шуналтай баян өвгөн, зальтай зарц нар, дурласан залуучууд гэх мэт янз бүрийн хэвшсэн дүртэй. Залуу эмэгтэйгээс бусад бүх жүжигчид баг зүүдэг байсан. Жүжигчид зохиолын дагуу ярихаас гадна заримдаа нийгмийн ёс бус зүйлийг тухайн нөхцөлд өөрийн үгээр инээдмийн өнгө аясаар шүүмжилдэг. Олон өнгөтэй хувцас өмсөөд акробатын үзүүлбэр хийдэг зарц Арлекин нь шуналтай эзэн Панталоныг мэхлээд дурласан залуучуудад тусладаг дүр байсан.
Дараа нь, Францаас "Пьеро" гэдэг цагаан хувцастай уйтгартай алиалагч, Англиас "Клоун" гэдэг цагаан царайтай алиалагч бас гарсан ч, урт хугацааны туршид ромбо хэлбэрийн хээтэй хувцас өмсдөг Арлекин л хэвээрээ алиалагчийн биелэл байж үлдсэн.
Гоёмсог хотгуужин нугасыг "Арлекин" гэж нэрлэх нь сонин юм биш. "Harlequin Duck" гэдэг англи хэлний нэрийг 19-р зуунд аль хэдийн хэрэглэдэг байсан. Франц хэлний Arlequin plongeur, Итали хэлний Moretta arlecchino, испани хэлний Pato Arlequín шиг, олон Европийн хэлэнд энэ нугасыг "Арлекин" гэж нэрлэж байна. "Harlequin Duck"-аас гадна, олон өнгөтэй "Harlequin Quail" (бүднэ), "Harlequin Rabbit" (туулайн үүлдэр) бас байна.
Хятад хэлэнд хотгуужин нугасыг 丑鸭 chǒuyā буюу алиалагч нугас гэдэг. Байду байкэ вебсайтад бичсэнээр, "Маш өнгөлөг өдтэй, италийн алиалагчийн дүрийн өнгө аяс шиг бөгөөд энэ нь тухайн нэрний гарал үүсэл юм" (эх).
Чухамдаа хятад хэлний нэр нь шууд италийн дүрийг заасан бус, ерөнхийдөө англи нэрийг орчуулсан юм. Анх удаа хэвлэгдсэн хятад дахь хятад нэртэй шувууны нэр томъёо буюу «Chinese Birds» ("Хятад шуувууд", Бээжин 1926)-д хотгуужин нугас хоёр хятад нэртэй байсан.
Дээрх нэр болох 晨鳧 chénfú бол 1923 онд Шанхайн Commercial Press-ээс хэвлэгдэн гарсан «Zoological Nomenclature» ("Амьтан судлалын нэр томъёо")-аас авсан нэр. Харин энэ номонд байгаа олон хятад нэр үнэндээ япончуудын шуувуунд оноож өгсөн нэр байсан. 晨鳧 хэмээн ханз нь "өглөөний нугас" гэдэг утгатай, японоор "shinori-gamo" гэж уншдаг. 晨 хэмээн ханзыг зөвхөн энэ нугасыг "shinori" гэж дуудах үед хэрэглэх бөгөөд бусад үед "shinori" хэмээн уншдаггүй. "Shinori"-гийн утга, гарал ч тодорхой биш.
Доорх нэр болох 太平洋小丑鴨 tàipíngyáng xiǎochǒu-yā ("Номхон далайн алиалагчийн нугас") бол англи нэр "Pacific Harlequin Duck"-ыг шууд хятад хэл рүү орчуулсан юм. 丑角 chǒujué ("алиалагчийн дүр") бол Бээжин ший янгуйгийн нэг дүр. Хятадын Байду байке вебсайтад энэхүү үгийг италиас авсан гэсэн боловч, үнэндээ англи хэлний "harlequin" гэдэг үгийг хятад хэлний 小丑 xiǎochǒu ("жижиг алиалагч") үгээр орчуулсан. Энэ нь одоогийн байдлаар англи хэлний "clown"-тай дүйдэг гэсэн үг.
Дараа нь хятад шувуу судлаач нар 晨鳧 chénfú сонголгүйгээр, 小丑鴨 xiǎochǒuyā-г авахдаа хятадуудын "хоёр ханзтай үг илүү аятайхан" гэдэг хэвшилд үндэслэн 丑鸭 chǒu-yā хэмээн товчилж эхний ханзыг хассан бололтой.
За, харин монгол хэлний "хотгуужин" ямар утгатай юм бол? Чухамдаа тодорхой гарал байвал таамаглаж чадна.
Монгол хэлэнд "ходогочин", "ходгочин", "хотгочин" гэдэг үг байдаг. Монгол хэлний их тайлбар толь-д гурван холбоотой үг байна:
«Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д, зөвхөн "ходогочин" ("хов зөөгч, хов хэлэгч"), "хотгочин" ("баг") гэдэг хоёр үг байна. "Баг" нь алиалагчтай ойролцоо гэсэн ч арай л гажиж байна.
Харин сүүлийн үеийн «Монгол хэлний гучтын тайлбар толь»-д яг таг таардаг утга бас тэмдэглэгддэг.
Энэ огт шинээр гарсан утга биш. Монгол-гадаад хэлний толь бичигт бас тэмдэглэгддэг. Ferdinand Lessing-ийн «Mongolian-English Dictionary»-д дурьдсанаар "ходогчин"-ы утга "Clown, mask" ("Алиалагч, баг").
«Шинэ монгол-хятад толь»-д дурьдсанаар "ходгочин / хотгочин"-ы утга бол (1) 小丑, 丑角 xiǎochǒu, chǒujué ("алиалагч, алиалагчийн дүр").
Түүгээр барахгүй, хятадаас хэвлэж гаргасан монгол хэлний толь бичигт ч "алиалагч" хэмээн утга бас байна.
Хятадын хамгийн том монгол хэлний толь бичиг болох «Монгол хэлний толь»-д доор дурдсан тодорхойлолт байна: "(2) Уран тоглоом буюу ший дуулалд шог инээдэм гаргагч". «Монгол-хятад толь»-д ч яг 丑角, 小丑 chǒujué, xiǎochǒu ("алиалагчийн дүр, алиалагч") гэдэг үг байна.
Эндээс үзвэл, "ходгочин" гэдэг нь эртнээс "алиалагч" хэмээн утгатай байсан. Одоо монгол улсаас гаргасан толь бичигт бага байдаг ч, өвөрмонголын толь бичигт үлдсэн байна. "Ходгочин" яг хятад хэлний 丑 chǒu ("алиалагч") хэмээн утгатай болохоор, энэ нугасны нэр "хотгуужин нугас" бус, "ходгочин нугас" байх ёстой.
Гэхдээ, энэ тамааглал зөв байсан ч, хэдэн асуулт гарна.
Нэгт нь, надад энэ нэр чухам хаанаас гарсан юм бол? Хотгуужин нугас өвөрмонголд нутагладаггүй, монгол улсад ч 1962 онд анх удаа бүртгэгдсэн гэж бодвол, ямар хүн ямар нөхцөл байдалд энэ нэрийг ийнхүү оноосон нь оньсого байна. Хятад нэр бас 1926 оноос өмнө байхгүй байсан учраас, "ходгочин нугас" гэдэг нэр бас 1926 оноос хойш гарч ирсэн байх ёстой. Бурятын хойд хэсгээс гадна монгол үндэстэн оршин суудаг монгол туургатнаы нутагт хотгуужин нугас байхгүй болохоор, 1926 оноос өмнө монгол хэлээр яригч хүмүүс бие даан энэ нэрийг гаргасан байх боломж их бага байна. Үнэмшмээр нөхцөл байдал гэвэл, өвөрмонгол хүн хятад хэлний шувууны нэрсийг монгол хэлэнд орчуулахдаа, хятад хэлнээс махчилан орчуулсан байж болзошгүй юм гэж би таамаглаж байна.
Хоёрт нь, ᠬᠣᠳᠣᠭᠣᠴᠢᠨ (ходгочин) хэрхэн "хотгуужин" болсон юм бол? 1969 онд босоо бичгээр бичсэн материал андуурч уншсан юм бол уу? Санаатайгаар нэрийг өөрчилсөн ч юм бил үү, би сайн мэдэхгүй байна.
Энэ оньсогоны учрыг олохоор, «Улсын Нэр Томъёоны Комиссын Мэдээ»-ний эмхэтгэгчид бодит ямар материалаас энэ нэрийг олж оноосон нь надад илүү сонирхолтой тул цаашид судлах нь зүйтэй хэмээн бодож байна.